[B2ST] 1st LooK сэтгүүлд өгсөн ярилцлага “Shine On, BEAST”

BmeT0y9CEAEeQSw

Царайлаг төрх, бусдыг өөртөө татам тал, гэрэлтсэн авьяас, ундарсан эрч хүч… Нэрээ гаргаж яваа олон хамтлаг дундаас дебют хийгээд 6 жилийн нүүр үзэж буй B2ST өөрийн гэсэн онцгой дүр төрхөөрөө ялгаран гэрэлтэж чаддаг. Тэр талаас нь харж, өдийг хүртэл явж ирсэн тэднийг харвал “Хичээнгүйлэн ажиллах болно” гэсэн үг урдаа барьсан залуу хүүхдүүд биш, ямар зам тэдэнд хамгийн сайн тохирох вэ гэдгийг нэгэнт олж мэдсэн ухаалаг залуусын ирээдүйг олж харах болно.

Хэн юу ч гэж хэлж байсан B2ST өнөөдөр нэгэнт алдарт хүрсэн хамтлагын нэг. Тэднийг тайзан дээр гарах тэр хоромд үзэгчдийн суудлаас ирэх хариу үйлдэл түүнийг нь батална. Гишүүн тус бүр нь авьяас чадвараараа танигдаж, өсөн дээшилж буй нь нүдэнд ил. Тэднийг өндөрлөгт зэрэгцэн зогсож буй бусад хамтлагуудаас ялгаатай болгодог нэгэн онцгой зүйл байгаад байх шиг. Тэд энэ дэлхийд мэндэлсэн цагаасаа л од байгаагүй ч өөрсдийн арга барил, хэмнэлээрээ бусдыг өөртөө татаж, өөрсдийн орон зайг бий болгосон. Удахгүй шинэ дуу, шинэ үзүүлбэртэйгээ эргэн ирэх гэж байгаа 6 залуугийн гэрэл цацруулсан одоогийн төрхийг хүргэхийг хүслээ.

0011

Lee Kikwang

Тод сонсогдох инээд хөөртэй зураг авалтын талбайд орж ирсэн 6 залуусаас Lee Kikwang хамгийн түрүүнд камерийн өмнө гарч, дотно инээмсэглэл, инээд хөөртэйгээр зураг авалтыг амжилттай эхлүүлсэн юм. Ганцаараа байхаас илүү хамтдаа байхад олж мэдэж авах зүйлс их хэмээн хэлэх түүний царайнаас бусадтайгаа хамт өнгөрүүлсэн цагийн хэмжээгээр бий болсон итгэл, дотно уур амьсгалыг олж харж болно.

“Ганцаарчилсан хуваарьт ажлаа хийж байх хугацаандаа би үнэхээр хайр гэдэг зүйлд умбачихсан байсан. 20 нас гэдэг богино хэмжээний драманд гол дүрийг бүтээж, анхны хайр гэдэг зүйлийг мэдэрсэн болохоор тэр л дээ. Хэдий 4 ангитай богино хэмжээний бүтээл байсан ч гол дүрийг дагалдаж ирсэн үүрэг хариуцлага гэдэг зүйл үнэхээр том байсан. Өмнө байгаагүйгээрээ хамаг анхаарлаа төвлөрүүлж, зохиолоо аль болох сайн гаргахыг хичээж байсан, хэцүү байхынхаа хэрээр сурч мэдэж авсан зүйл их байсан гэж боддог. Камерийн өмнө дотоод сэтгэл хөдлөлөө төрөлхийн юм шиг гаргаж чаддаг хүмүүсийг харахаар атаархамаар санагддаг шүү. Тоглож буй дүрдээ бүрэн уусаж, төрөлхийн мэт жүжиглэж байгаа ахмад жүжигчидээ хараад өөрийгөө хурцлах шиг л болдог. Мэдээж юмыг анх хийхдээ л мундаг болчихдог хүн гэж хаа байх вэ дээ. Би ч бас дээшээ ахихын тулд хичээж л явна. Чадахгүй зүйлтэйгээ нүүр тулж, хүмүүсээс ирэх шүүмжлэлийг снсож, тэднээс суралцаж, том болж л явна. Гэхдээ мэдээж дуу хөгжмийн тал дээрээ хойрго хандаж байгаа гэсэн үг биш л дээ. Сүүлийн үед би дуу зохиох тал дээр суралцаж байгаа, нэг өдөр миний дотоод ертөнц, өнгө төрхийг агуулсан дууг бусадтай хуваалцахыг хүсдэг юм. Дуу зохиодог хүмүүсийн талаас өөрсдийнх нь хамаг анхаарлаа хандуулан бичсэн тэр дууг өөр хүний хоолойтой хамт сонсоход төрдөг сэтгэл догдлуулсан мэдрэмж байдаг юм. Одоохондоо бол B2ST-ийн гишүүдтэйгээ хамт өөрийнхөө бичсэн дуутай хамт тайзан дээр гарахын тулд урагш хичээж л явна даа.”

008

Son Dongwoon

Хамгийн бага Son Dongwoon ярилцлага өгөхөөр ирээд сандлаа нааш нь татаж ойртож суулаа. Гүн нүд, түүнийг нь дагасан сормуус нь асуулт тавих бүрт анивчиж, хэлсэн үг бүрт нь гүн гэгч нь утга агуулагдаж, макнаэ гэж хэлэхэд хэцүү байсан шүү.

“Шинэ цомогт бэлдэж байх хоорндоо би тэр болтол дуулж байсан өөрийнхөө дуулсан бүх дууг сонсож үздэг. Тэгж байж өөрийнхөө ямар дууны, ямар хэсэг дээр сайжирч, ямар хэсэгт нь дутагдалтай тал байсаар байгаагаа олж харж болдог юм. Санаа зовмоор, ичмээр санагдах үе байдаг ч гэсэн өөрийн хоолойг аль болох бодитойгоор харж, дүгнэхийг хичээдэг. Тэгээд засаж залруулж чадах зүйлсээ шинэ цомог, одоо хийж байгаа зүйл дээрээ гаргах гэж оролдоно. Шинэ цомог дээрээ хамаг хүчээ дайчлан хичээж ажиллаж байж л дараа нь хэдэн жилийн дараа сонсоод санаа зовохгүй сонсож чадна шүү дээ. Ах нарыгаа бодвол миний хоолойн өнгө илүү доогуур. Тэр маань миний хувьд B2ST-д зориулж чадах хамгийн том зүйл юм болов уу гэж боддог. Ах нарынхаа хоолойтой өөрийн хоолойг хослуулж, илүү тогтвортой, жигд дууг гаргаж чадна. Нэг ‘баг’ гэдэг хүн нэг бүрийн хүчийг гаргаж ирж, тэднийг нэгтгэснээр хамгийн шилдэг үр дүнд хүрч чадна гэж боддог. Энэ тал дээрээ манай баг тун муугүй ажилладаг гэж боддог шүү. B2ST-ийн гишүүдтэйгээ хамт байсан хугацаа маань дэндүү урт болохоор багаасаа хамт байсан Kikwangie ах, Yoseobie ахтай хоорондоо ‘амьдралынхаа талд хамтдаа байсан хүмүүс’ гэж ёжилж ярьцгаадаг. Одоо бол бие биетэйгээ зохицох гэж хичээгээгүй байсан ч цаанаасаа л зохицоод, ойлголцдог болсон. Бие биенийгээ хараад л юу бодож байгааг нь мэдчихдэг гэвэл сонирхолгүй, уйтгартай сонсогдож магадгүй л юм. Би өөрөө харьцахад амар зантай болохоор ч тэр үү, өдий болтол макнаэ-ийн дүрээ сайн хариуцаж ирсэн л гэж боддог (инээв), гэхдээ одооноос эхлээд өөрийнхөө дотор байгаа хүсэл мөрөөдлийг жоохон гаргаж ирдэг юм билүү гэж бодож байгаа. Ах нарынхаа хувьд итгэж, найдаж чадах, ‘Dongwoon байхгүй бол бүрэн бүтэн зүйл үзүүлж чадахгүй’ гэж бодогдох хүн нь байхыг хүсдэг. Хамтлагтаа байж гэмээ нь хамтлагын уур амьсгал бүрдэж чаддаг тийм гишүүн нь байх юмсан гэж боддог юм. Зогсолтгүй өсөн дэвжих B2ST-ийн гол дунд нь би байж байх л болно. Макнаэ-н аюултай өсөлт, дэвшилтийг хүлээж байгаарай”

005

Yong Junhyung

Адилхан байр суурин дээр байгаа чадвар нэгт хамтлагууд дунд B2ST одоо байгаа энэ байр сууринд ирэхэд Yong Junhyung томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Цагийг хөгжилтэй тайван өнгөрөөхийн хажуугаар “артист” хэмээх сэтгэл татам нэрийг зүүсэн тэрээр өнөөдөр ч гэсэн хөгжимд бүрэн ууссан харагдана.

“Өнгөрсөн жил соло цомгоо ч гаргаж, драманд ч тоглоод, өмнө нь байгаагүйгээрээ л завгүй байсан. Хуваарьт ажил маань шахуу байсан болохоор биеийн хүчний хувьд нилээд ядарч байсан ч драманд тоглосноор сурч, мэдэж авсан зүйл олон байсан. Одоо ингээд харахад, дуу хөгжим, жүжиглэлт гэдэг аль аль нь өөрийн дотоод сэтгэл хөдлөлөө өөрийнхөө аргаар гадагш нь гаргаж буй үйл явц гэдэг утгаараа адилхан юм шиг байгаа юм. Тийм болоод ч тэр үү үнэхээр сонирхолтой байсан. Хэрвээ надад дахиж ийм сайхан боломж олговол, улам илүү хичээж ажиллах юмсан гэж боддог. Боломж байвал өөрийнхөө туршлага, чадварыг улам тэлэх юмсан гэж хүсдэг юм л даа. Уулзаж байсан хүмүүс, хүрээлэн буй орчин, биеэрээ мэдэрсэн тэр зүйлс гээд бүгд миний хувьд том утга агуулж байдаг. B2ST гэсэн нэрэн дор ямар дуу гаргах бол гэж хугацаа тоолон хүлээж байгаа хүмүүс олон байдаг гэдгийг мэднэ. Сайн чанартай цомог гаргаж, тэр хүмүүсийн хүлээлтийг баяр хөөр болгохын тулд өөрсдийн хүчийг ч чангалан ажилладаг. Олон хүний сонирхолд нийцсэн дуу гаргах уу эсвэл шинэ дуу хэмнэлийг оролдож үзэхүү гэж асуувал, хэдий эрсдэлтэй байж болох ч, шинэ зүйлд хүчээ сорьж, өөрсдийн гэсэн тэр өнгө төрхийг гаргаж ирэхийг хүсч байгаа. Нилээд хэсэг хугацааны өмнө би гишүүн тус бүр маань юу хийхийг хүсдэг, ямар өнгийг өөрсдөдөө хадгалдаг, юун дээрээ хамгийн мундаг вэ гэдгийг нь мэддэг болсон. Одоо дуу бичиж, цомог гаргаж суухдаа, магадгүй гишүүн тус бүрийн өнгийг хамгийн сайн тод гаргаж чадах хүн нь би юм бишүү гэж боддог. Тэр ч утгаараа хамгийн сайн тэр зүйлийг гаргаж ирэхийн тулд эвлүүлдэг тоглоом тоглож байгаа мэт хооронд нь нийлүүлж, янзалж үзэж сууна. Ямар ч хэлбэрийн зүйл байсан, бид 6 хамт байвал тэр зүйлийг хийж чадаж, тэр нь B2ST-ийн өнгө төрх, том хүч болдог юм шиг санагддаг. Гишүүддээ талархаж бас тэднээрээ бахархадаг үе олон байдаг юм. Хамтдаа байвал одоо байгаагаасаа ч илүү гайхмаар, мундаг хамтлаг болж чадна гэдэгт итгэдэг.”

003

Yoon Doojoon

Хурц нүүр царай, өндөр нуруу, дотно уур амьсгал гээд “Эрчүүдийн дундах эр хүн” Yoon Doojoon-ий зураг авалт амжилттай дууслаа. Чак гэх камерийн дуу гарах болгонд шинэ хувирал гаргах булчингийн хөдөлгөөн, гэрэл унтран унтартал түүний чимээгүй үйл хөдлөл нь олон ч зүйлийг өгүүлэх шиг болсон. Тэр бол хэзээ хэт өөрийгөө урагш гаргахгүй байх вэ гэдгээ мэддэг чадалтай ахлагч хүн.

“Саяхныг болтол би “Let’s Eat”-ийн зураг авалттай завгүй байсан. Хэдий цөөн хэдэн бүтээл дээр л ажиллаж байсан ч, жүжиглэх гэдэг хичнээн хэцүү зүйл болохыг мэдрүүлж өгсөн бас нэгэн бүтээл байсан. Дүр маань хүмүүсийг өөрөө татдаг, зохиол нь ч сонирхолтой байсан болохоор зураг авалтын талбай үргэлж хөгжилтэй байдаг байсан ч алдаа дутагдалтай тал маань энэ удаад илүү ихээр гарч ирэх шиг болсон. Энэ драма маань дууссаны дараа өөр нэг бүтээл орж ирсэн ч B2ST-ийн нэр дор уулзахыг илүү хүссэн. Чадахгүй зүйл зөндөө олон байгаа учраас шинэ цомог дээрээ ажиллахын хажуугаар киноны зураг авалтанд орно гэж зүрхлээгүй юм. Дээрээс нь сүүлд цомгоо гаргаснаас хойш нилээд хугацаа өнгөрсөн байсан болохоор авч хэлэлцэх зүйл ч их байсан. Бид нар 6-уулаа бүгд цуглаад инээлдэж, ярилцаж, ямар нэг зүйлийг хамтдаа хийх тэр мөч үнэхээр нандин, аз жаргалаар дүүрэн байдаг. Сүүлийн үед тэр бодол маань байнга орж ирэх ч болж, бидний дундах тэр нөхөрлөл үнэхээр онцгой, гүн гүнзгий юм шиг санагддаг юм. Саяхныг болтол би гишүүдээ “Байнга уулздаг дотно найзууд” гэж хэлдэг байсан бол одоо тэр үг ч хангалтгүй болж. Заримдаа тэд гэр бүлийнхнээс маань илүү дотно санагдаж, заримдаа би өөрөө ч байгаад байгаа юм шиг, нэг үгээр зүйрлүүлж хэлэх аргагүй тийм нэг зүйл бий болчихсон. Энэ олон онцгой хүмүүсээр хүрээлүүлэн амьдарч байгаа маань хичнээн их азтай, жаргалтай зүйл вэ гэж боддог юм. Фенүүдээ ч бас тэгж боддог. Тэдэнд үргэлж талархаж, анхнаасаа тэд маш онцгой нэгэн байсаар ирсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэднийг улам илүү нандигнах болсон. Би ганцаараа ч биш бусад маань ч бас адилхан болов уу гэж бодож байна. Тэр утгаараа ч юм уу цомгийнхоо бэлтгэлд орж байхдаа гишүүдийн маань ажилдаа гаргаж байгаа хичээл зүтгэл энэ удаад өөр байх шиг санагдсан. Өмнө бэлтгэл хийж байхдаа хичнээн их ядарч байгаагаа хэлж гомдоллож, залхуурах гээд л янз бүрийн шалтаг тоочдог байсан бол одоо бол бүгд харин ч илүү баяр хөөртэй, хөгжилтэй байдаг болсон. Энэ удаагийн цомгоор дамжуулан бидний зүрх сэтгэл, хүчин чармайлтыг харж болох байх.”

002

Jang Hyunseung

Сэтгэл догдлуулах исгэрээ дундах тайзан дээр анх харсан нүдний харц, нүүр хувиралыг гаргасан Jang Hyunseung хэмнэлдээ автан бүжиглэж байх юм. Тэрхэн хооронд вирусын халдлаганд өртөх шиг боллоо. Тайзан дээрхи сэтгэл татам Jang Hyunseung-ийн шившлгийн вирус. Хамтарсан төслөөрөө өмнө нь харуулж байгаагүй шинэ талаа харуулсан тэрээр өнөөдөр өмнөхөөсөө ч илүү гэрэлтэж байх шиг.

“Хамтарсан төслөөрөө дамжуулан олж авсан хамгийн том амжилт маань хөгжмийн нэвтрүүлэгт 1-р байранд орох ч юмуу, олон нийтээс сайшаал хүртэх биш өөрийнхөө чадах тэр зүйлийг туршиж үзэж, гадагш гаргах явдал байсан. Мэдээж дуу, тайзан дээрхи үзүүлбэр, дэглэлт, дүр төрх гээд бүгдэд нь би өөрөө оролцож байсан ч өөрийн гэсэн өнгө төрөө харуулахыг хүссэн учраас өөрийгөө хянаж шалгаж, засаж, бэлдэж байсан. Үнэнээ хэлэхэд би ажлаа хийж байхдаа аймар мэдрэмтгий болчихдог. Юм болгоныг төгс хийхийг хүсдэг зангаасаа болоод өөрийгөө ч их түлхэж шахдаг. Тэрнээсээ болоод стрессдэж, бие маань хүлээж авч чаахгүй хэмжээнд хүрдэг ч нөгөө талаараа тэр үед төрсөн мэдрэмж маань намайг улам урагш дагуулах хүч болдог гэж боддог. Тэсэхээргүй хэцүү болсон үедээ би дотно хүмүүстэйгээ уулзаж, амттай хоол идэж, чанга чангаар ярилцаж суудаг. Заримдаа ямар нэг зүйл хийхгүйгээр өөртөө цаг гаргах үе ч бий. Ингэж амарч байхдаа өөртөө эрч хүч авч, эргээд ажилдаа хамаг зүйлээ зориулдаг. Сүүлийн үед бид өөр өөрсдийн явах чиглэлийн талаар ярилцаж, энэ тэр зүйлсийн талаар ч ярилцаж суудаг, хүмүүс тухайн цаг үедээ зохицсон сайн суурь хэрэгтэй гэж ярьдаг ч би бол хөгжимд л дуртай байхад тэгээд л болоо гэж боддог. Хуучинсаг үзэлтэй, өнгөцхөн бодолтой гэж бодож магадгүй ч надад бол хамаагүй ээ. Ямар ч ажил байсан, энэ тэр зүйлийг оролдож явахад тийм ч дуртай биш. Хүчтэйхэн нэг шулуун зам. Тэр ч утгаараа бид “B2ST” гэсэн нэрэн дороо улам сайн ажиллах ёстой гэж боддог.”

006

Yang Yoseob

Солонгост idol хамтлагт орж тэр замаар амьдрана гэдэг цоо шинэ замыг олж авснаас ялгаагүй. Энгийн хүмүүсийн амьдралын хэв маягаас татгалзаж, өөрийн амьдралд шинэ газрын зураг зурж, хамтлагынхаа нэр дор шинэ түүхийг бичнэ. 6 жил болж байгаа хамтлагын хувьд хамтлагын гишүүн бүр өөрийн урдах замыг дахин нэг харах хэрэгтэй болдог нь B2ST-ийн хувьд ялгаагүй адилхан зүйл. Энэ тал дээр хэзээд тогтвортой/ баталгаатай тактикаар явж ирсэн Yang Yoseob, өөрийн маргаашийг ч “B2ST”-тэй хамт төсөөлдөг байна.

“Бэлтгэл, мюзикал гээд би гэдэг хүн ойрд энэ тэнд гүйсэн нэг юм л явж байна. 3 дахь мюзикал маань хэдий ч тайзан дээр гарах болгонд л цоо шинэ хувцас өмссөн мэт мэдрэмж төрсөн хэвээрээ л байдаг юм. Байнга гардаг байсан тэр тайзнаас маань өөр болохоор мюзикалын үеэр илүү их сандарч, мэдрэмтгий болчихдог ч тэр сэтгэл хөдлөл, ачаалал бол тойрч гарахыг хүсдэггүй тийм зүйл байдаг. Гишүүд маань ч намайг үзэхээр ирж, намайг дэмжиж, шулуухан, олон үггүй шүүмжлэл ч бас хэлдэг. Тэд маань намайг хэнээс ч илүү сайн мэддэг болохоор тэдний хэлсэн зүйлс илүү оновчтой, би ч тэдэнд итгэж чаддаг. Ер нь бол бид нар нэгнийхээ дургүй зүйл, анхаарах хэрэгтэй зүйлс гээд бүгдийг нь мэддэг болохоор хоорондоо зөрөлдөж, зөрчилдөөд байх тохиолдол бараг л байдаггүй. Анх маргаан, зөрчилдөөн их байдаг байсан л даа. Тэгсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бие биендээ дасан зохицох болсон. Одоо бие биенийхээ ялгаатай зүйлсийг олж харахаасаа илүү яаж хамтдаа урагшлахав, яаж илүү сайн зүйл хийхэв гэж боддог болсон. Зүгээр л цаг хугацааны эрхээр гарч ирсэн хамтлаг биш зогсолтгүй өсөн дэвшиж байгаа B2ST гэж өөрсдөдөө итгэлтэй зогсохыг хүсдэг юм. Тэр явцдаа алдахыг хүсдэггүй нэг зүйл бий. Хамтлаг дотроо цагаан цаас шиг нэгний үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэж анхнаасаа бодож байсан тэр бодол маань. Хэдий би хамтлагын гол хоолой ч гэсэн ганцаараа гоцолж, бүх л дууг ганцаараа удирдаж авч явья гэж ерөөсөө бодож байгаагүй. Миний хоолойг арын дэвсгэр болгоод гишүүд маань гоё зураг зураасай гэж хүсдэг. Тэр ч утгаараа эхлэл суурь маш чухал гэж боддог юм. Бүгд хамтдаа, намайг арын дэвсгэр болгоод, олон жил дуулсаар байх, энэ бол миний толгойдоо байнга боддог тэр бодол бас миний хамгийн их биелүүлж, хэрэгжүүлэхийг хүсдэг хүсэл маань юм”

cr: 1st LooK, Kor/Eng B2STIZEN, Eng/Mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

4 thoughts on “[B2ST] 1st LooK сэтгүүлд өгсөн ярилцлага “Shine On, BEAST”

  1. Jaki says:

    Orchuulj ogsond bayarlalaa…uram awah shig bolloo ^^

  2. kpop_diana says:

    b2st❤

  3. enhee says:

    orchuulj ogsong bayrlalaa🙂 amjilt husii

  4. WHY ийм уран цэцэн үгтэй үнэхээр биширч хайрлахгүй байхын аргагүй тийм л хүмүүс Орчуулж өгсөнд баярлалаа АДМИНАА

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s